Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр


2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосон. Ингэснээр нийт ажилчдын  таван хувийг эзэлж байгаа мэргэжил эзэмшээгүй ажилчдын үнэлэмж 25 хувиар өсч байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх асуудлаар МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Э.Баатарцогттой ярилцлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж, 240 мянган төгрөгт хүргэсэн шийдвэр хэрэгжээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэдийн амьжиргааны түвшинд ямар өөрчлөлт орж байна вэ?

Монгол Улсын хэмжээнд 1.150.000 иргэн хөдөлмөр эрхэлдэг. Эдгээрээс 500-600 мянган төгрөгийн цалинтай иргэд ихэнх хувийг эзэлдэг. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинтай иргэд нийт хөдөлмөр эрхлэгчдийн таван хувийг эзэлдэг статистик байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь мэргэжил, ур чадвар шаардагдахгүй ажлын байранд тавигдах цалингийн хамгийн доод хязгаар юм. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бага цалинтай иргэдийн орлого өсч байна. Харин даатгал төлөгчдийн хувьд энэ нь ашигтай. Ажил олгогч нар ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал төлөх сонирхол их байдаг. Тиймээс нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэж байгаа, нөгөө талаас иргээдүйд авах тэтгэвэрийн сан баталгаажхад нөлөөлж байгаа юм.

Өнөөдөр ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж бага байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл дээрх өөрчлөлт зөвхөн бага цалинтай иргэдийн орлогод нөлөөлөх юм уу?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч мэргэжилтэй ажилчдын цалин өөрчлөгдөхгүй байх талтай. 2016 оны байдлаар Улаанбаатар хотын иргэдийн амжиргааны өртөг 183 мянган төгрөг гэсэн статистик гарч байсан. Энэ нь хүн амын амжиргааны доод түвшинг илэрхийлэх үзүүлэлт юм. Тиймээс энэхүү үзүүлэлтэд тулгуурлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох судалгааг хийж, 25 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор гаргасан.

2000 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 гаруй удаа шинэчилсэн байна. Харин сүүлийн гурван удаагийн шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн үндэсний хорооноос тогтоожээ.     

1990 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож ирсэн. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн үндэсний хороо дээрх хэмжээг тогтоодоггүй байсан. Харин 2011 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байна. Энэ хугацаанд гурван удаагийн шийдвэрийг гаргаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-36 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Дээрх хэмжээг хоёр жилд нэг удаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу  шинэчилдэг. Өмнө нь улс төрийн шалтгаанаар өөрчлөх тохиолдол байдаг байсан. Иргэдээс сайн үнэлгээ авахын тулд эрх барьж байгаа нам улс төрийн тоглолт хийх явдал гардаг. Тухайлбал, 2007 онд жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг удаа дараа шинэчилсэн. 2007 оны нэг, долоо, есдүгээр саруудад дээрх шийдвэрүүдийг гаргаж байсан. Энэ нь эргээд инфляци өсөх эдийн засгийн сөрөг үр дагаваруудыг гаргаж байсан.

Хөдөлмөрийн зах зээлийн бодлого алдагдсанаас болж иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж дорвитой өсч өгөхгүй байна. Тиймээс ажилчдын үнэлэмж өдөр ирэх бүр буурсаар байна?

-Хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой холбоотой. Тодруулбал, Урд хөрш хөдөлмөрийн үнэлэмжийг бүс нутгаар бүсчлэн тогтоодог. Гэтэл манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөрш улсаас дөрөв дахин бага байх жишээтэй. Нийгмийн зөвшлийн талууд зөвшилцөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог болсноор зарим салбар, ялангуяа,  уул уурхай, эрчим хүч, авто зам, төмөр зам зэрэг салбарууд хамтын гэрээ хэлэлцээрээр салбарынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог болсон. Уул уурхайн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ улсын хэмжээнээс хоёр дахин өндөр байна. Соёл урлагийн салбарт адилхан. Энэ мэтчилэн салбар салбартаа хэлэлцээрийн дагуу үнэлэмж тогтоодог ч нийт иргэдийн цалин өсөхгүй байгаа юм.

Ялангуяа, хөдөлмөрийн үнэлэмж хамгийн бага салбараар хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар нэрлэгддэг. Эдгээр салбарын үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх боломж байна вэ?

Өнөөдөр дээрх салбаруудад нийт ажилчдын 40 орчим хувь нь ажиллаж байна. Энэ хэрээр тус салбарт ажиллах иргэдийн хүрээ хумигдаж, албан бус салбарлуу орох эрсдэлтэй. Олон улстай харьцуулан үзвэл Монгол Улсад ам.долларын ханш өссөнөөс болоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нэг цагт 60 цент орчим, сарын 100 ам.доллар хүрэхгүй байна. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд суурь цалин гол нөлөөтэй учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цаашид төсвийн нөхцөл байдалтай уялдуулан хуулийн дагуу шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байна. Энэхүү төслөөр ямар ямар асуудал хөндөгдөх вэ?

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийгмийн зөвшлийн талууд хамтран боловсруулна. Эхлээд үзэл баримтлалаа УИХ-аар батлуулна. Дараа нь хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэнэ. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гаран ажиллаж байна. 

                                                                                                                                           Э.Сэтгэнт

Эх сурвалж: www.TODAY.mn