Google-ийн хиймэл оюун ухаан

Google компани өнгөрсөн шөнө 2018 оны I/O чуулганаа эхлүүллээ.Чуулганы нээлтийн үеэр компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцуулав. Google-ийн хиймэл оюун ухаантай туслах нь дуучин Жонн Лежендийн хоолойг ашигладаг болжээ. Түүнчлэн Gmail өөрөө бараг бүтэн цахим шуудан бичиж чаддаг болсон байна.

АНДРОИД P



Үзэмж нь эрс өөрчлөгдсөн Google-ийн шинэ үйлдлийн систем одоо ямар ч товчлуургүйгээр үйлдэл хийж чаддаг болжээ. iPhone X загвартай адил хөдөлгөөнүүдээр хэрэглэгч үйлдэл хийх боломжтой болсон байна.

Энэ зуны сүүлээр хэрэглээнд нэвтрэх Андроид P үйлдлийн системийн Бета хувилбар өнөөдрөөс гарч байгаа учраас Google, Essential, Sony, Nokia брэндийн утас хэрэглэгчид шууд туршиж үзэж болох юм.

Google туслах

Google-ийн туслах хоёр зүйлээрээ шинэчлэгджээ. Нэгдүгээрт зургаан өөр төрлийн хоолойноос хэрэглэгч сонгож болох төдийгүй оны сүүлээр Жонн Лежендийн хоолойг сонсож болохоор болсон байна.

Үүнээс гадна Google-ийн танилцуулсан Duplex хэмээх шинэ технологи нь яг л энгийн хүн шиг ярьж, ойлгож чадах хиймэл оюун ухаан байсан юм. Энэ хиймэл оюун ухааны ачаар систем хүмүүсийн ярианы өнгө, аясыг ойлгоод зогсохгүй, яг л энгийн хүн шиг ярьж чаддаг болсон байна. Доорх бичлэгээс хэрхэн ярьж буйг үзээрэй.



Gmail одоо өөрөө шуудан бичдэг болсон

Яг ч тийм биш л дээ. Гэхдээ Smart Compose хэмээх шинэ систем нь хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчийн бичиж буй цахим шуудангийн үг, өгүүлбэрийг гүйцээх технологи юм. Энэхүү технологи ойрын хугацаанд хэрэглээнд нэвтрэх аж.



Google Photos илүү ухаалаг болжээ

Google-ийн Photos үйлчилгээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар гэрэл зургийн арын хэсгийг хар эсвэл цагаан өнгөтэй болгох, өнгөгүй зургийг өнгө оруулах зэрэг үйлдлийг хийх чадалтай болжээ.

gogo.mn